Barcelon клубын түүх
Үүсэн байгуулагдсан нь: (1899-1908)
1899 оны 10 сарын 22-нд Жоан Гампер хэмээх нэгэн эрхэм хөлбөмбөгийн клуб байгуулсан тухайгаа Лос Депортес хэмээн орон нутгийн сонинд зар тавьжээ. Энэ зарын дагуу 11 сарын 29-нд Барселон хотын нэгэн дунд сургууль нааштай хариу илгээсэн байна. Гуалтери Вайлд, Луй де Осси, Бартомэй Террадес, Отто Кунзл, Отто Майер, Энрик Дукал, Пере Кабот, Иосеф Лёобет, Жон Парсонс ба Ульям Парсонс гэсэн 10 хүнийг цуглуулсан байна. Чухам эдгээр хүмүүс л Барселон хөлбөмбөгийн клуб үүсгэн байгуулжээ.
Гампер өөрөө Швейцарь хүн байсан ба өөрийн тоглож байсан Базель клубын бэлэгдэлийн өнгө болох хөх ба улаан өнгийн хослолыг багийн үндсэн өнгө болгон сонгон авсан гэдэг.
Барселон клуб маш хурднаар Каталаны аварга шалгаруулах тэмцээн болон Эзэн хааны цомд түрүүлэх хэмжээний болж, Каталон төдийгүй Испанийн тэргүүлэх клубуудын нэг болсон байна. Байгуулагдснаасаа 2 жилийн дараа 1901 онд Каталаны аварга болсон бөгөөд, 1902 онд Эзэн хааны цомын финалд шалгарчээ.
Гамперийн удирдлага доор: (1908-1923)
1908 онд Жоан Гампер анх удаа клубын ерөнхийлөгч болсон байна. Түүнийг ерөнхийлөгч болох үед клуб бараг л дампуурчихсан байлаа. 1905 оны Каталаны аваргаас хойш ямар нэгэн тэмцээнд ялалт байгуулаагүй, санхүүгийн хувьд гүнзгий хямралд орсон байв. Гампер багийн ерөнхийлөгчөөр 1908-1925 оны хооронд 5 удаа сонгогдон ажилласан бөгөөд Барсатай нийтдээ 25 жил хамт байсан байна. Түүний гол амжилт нь Барсаг өөрийн гэсэн стадионтай болгосон явдал юм.
Гампер 1909 оны 3 сарын 14-нд 6000 хүний суудалтай “Каррер Индустриа” стадионы нээлтийг хийв. Мөн клубын дэмжигчдийн тоог ихэсгэх идэвхитэй алхамуудыг шат дараалан хийж, 1922 он гэхэд стадионы суудлынхаа тоог 10000 гаруйд хүргэсэн байна. Тэр жилдээ багтан шинэ том цэнгэлдэх хүрээлэн болох Лес Кортсийг албан ёсоор нээсэн байна. Лес Кортс анх баригдахдаа 20000 хүний суудалтай байсан боловч улам өргөжүүлэн 60000 хүний суудалтай болгожээ.
1917 онд алдарт хөлбөмбөгч, Барселон клубын бүх цаг үеийн мэргэн бууч Паулиньо Алкантараг элсүүлэн авч, Барселон багийн хувь заяаг баттай болгож чадсан нь Гамперийн бас нэгэн гавъяа ажгуу.
Гамперийн удирдлага дор Барселон клуб санхүүгийн хувьд хүчирхэгжсэн төдийгүй 11 удаа каталаны цом, 6 удаа эзэн хааны цом, дөрвөнтөө Пиренейн цомыг хүртсэн билээ. Иймээс энэ үеийг Барсагийн фенүүд “Алтан үе” хэмээн нэрлэдэг билээ. Тухайн үед ногоон талбай дээр Барселон клубын нэрийн өмнөөс Алкантаратай мөр зэрэгцэн Сагибарба, Рикардо Замора, Жозеф Самитиер, Феликс Сесимага ба Франц Платко гэх мэт алдартай хөлбөмбөгчид тоглож байсан билээ.
Ривера, Бүгд найрамдахчууд ба иргэний дайны үе: (1923-1939)
Алдар нэр нь цуурайтаж байсан Барселон баг 1920-оод оны дунд үеэс эхлэн 10 жилийн турш спортын бус зөрчил тэмцлийн илэрхийлэл болсон байна.
1925 оны 6 сарын 14-нд Барселон хотод болсон нэгэн тоглолтын үеэр үзэгчид Испанийн Ерөнхий сайд Риверагийн дэглэмийг эсэргүүцэн, Испанийн төрийн дууллыг тохуурхан, шогчлон дуулсан байна. Үүнд нь хорссон Ривера багийн тоглолт хийх эрхийг 6 сараар хааж, улмаар Гамперийг клубийн удирдлагаас зайлуулсан юм. Клубыг үндэслэгч аугаа хүн Гампер үүнээс хойш мөнгө, санхүүгийн хүндрэл, сэтгэл санааны дарамтанд орсон ба 1930 оны 7 сарын 30-нд амиа хорлон хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.
Барселон клубыг Испанийн дарангуйлагч цаашид шат дараатайгаар дарамтлан, каталаны жижигхэн тэмцээнд л оролцох эрх өгсөн байна. Гэвч барса бууж өгсөнгүй Жозеф Эскола хэмээх эрхмийг шинэ ерөхийлөгчөөрөө сонгон үйл ажиллагаагаа явуулсаар байв.
Энэ үед Барса санхүүгийн доройтол, нийгмийн таагүй хандлага, хөгжөөн дэмжигчдийн тогтвортой бус тоо гэх мэт хүнд хохирлууд хүлээж байсан ч 1930, 1931, 1932, 1934, 1936 ба 1938 онууудад 6 удаа каталаны аварга болж, 1937 онд Испанийн аваргыг авсан боловч, улс төрийн шалтгаанаар Леванте клубт түрүүг нь шилжүүлсэн гэдэг.
Зургаан сарын дараа иргэний дайн эхэлж, Барсагийн ерөнхийлөгч зүүний үзэлтэн Жозеф Суньол, Гуадалхара орчимд Франсиско Франкогийн цэргүүдэд алагдсан байна. 1937 оны зун буюу Испанийн Бүгд найрамдахчуудын II засаглалын үймээнт жилүүдэд Барселон клуб аюулгүй байдлын үүднээс Мексик, Америкт аялан тоглолт хийсэн байна. Энэ аялалаа санхүүжүүлэхийн тулд клубын хагасыг Мексик, Францад тоглуулж байжээ. 1938 оны 3 сарын 18-нд Фашистууд клубын үндсэн барилга байгууламжуудыг хүчтэй бөмбөгдөн ихээхэн хохирол үзүүлсэн байна. Хэдхэн сарын дараа Барселон хотод фашистын булаан эзлэгчид цөмрөн орсон бөгөөд эмх замбраагүй байдал үүсгэх гол үүр уурхайг хөлбөмбөгийн Барселон клуб, түүний хөгжөөн дэмжигчид гэж нүд үзүүрлэх болжээ.
C. de F. Barcelona: (1939-1974)
Испанийн иргэний дайны дараа Каталан хэл болон туг далбааг аливаа үйл ажиллагаанд ашиглахыг хориглон, хөлбөмбөгийн клубуудын нэрэнд Испани бус нэр хэрэглэхийг хуулиар хоригложээ. Үүний улмаас Барселон клуб өөрийн нэрээ Клуб де Футбол Барселона болгон Испаничилж, Каталаны далбааг багийн сүлдэн дээрээс авсан байна.
Франкогийн дэглэмийн турш каталанчуудын эх хэлээрээ ярьж болох цөөхөн газруудын нэг нь клубын цэнгэлдэх хүрээлэн болж байсан ажээ.
1943 онд өөрийн Лес Кортс цэнгэлдэх хүрээлэндээ Эзэн хааны цомын хагас шигшээгийн эхний тоглолтод Реал Мадрид клубыг 3-0 харьцаатай бут ниргэв. Хоёр дахь тоглолтын өмнө Барселонын тоглогчдыг генерал Франкогийн улсыг аюулаас хамгаалах газрын дарга өрөөндөө дуудан авчирч, “сануулга” өгсөн байна.
“Аугаа засаглалын баг ялах жам ёстой талаарх сургааль”-ын дагуу тоглох сануулгыг үг дуугүй биелүүлэх ёстой байв. Талбай дээрээ Мадридын баг “11-1” –ээр хожиж цаашид тоглох эрхтэй болов.
Энэ мэт улс төрийн ялгаварлалтай байдлын дор 1940, 1950-аад он өнгөрсөн байна. Гэхдээ Барселон клуб бууж өгсөнгүй, хүлцэнгүйгээр итгэл төгс оршин тогтносоор байв. Жозеф Самитиер дасгалжуулагчтай Сезарь, Рамаллец, Веласко гэсэн түлхүүр тоглогчидтой Барселон клуб 1945 оны Испаний Ла лигийн аваргаар тодорсон нь 1929 оноос хойших хамгийн анхных нь болж байв. Тэд 1948, 1949 онд дахин лигийн аварга болсон бөгөөд 1949 онд анхны Латины цомийг хүртэв.
Социалист лагераас гаралтай Фердинанд Дауцик, Ладислав Кубала нарын шилдэг менежерүүдээр удирдуулсан Барселон клуб олон шилдэг тоглогчдыг цуглуулан 1952 оны улиралд Ла лига, Генералиссимусын цом, Латины цом, Мартини Россигийн цом болон Эва Дуартегийн цом гэсэн 5 цом авч, гайхалтай амжилт үзүүлсэн байна.
1953 онд тэд дахин Ла лиги болон Генералиссимусын цом авчээ. 1957 онд Генералиссимусын цом, 1958 онд Олон хотуудын цом хүртсэн байна.
Дасгалжуулагч Элено Иеррерагийн удирдлага дор довтлогч Луйс Суарез 1960 онд Европын оны шилдэг тоглогч болж, Кубалагийн зөвлөгөөгөөр Шандор Коциш, Золтан Цибор нарыг авч хүчээ сэлбэн 1959 онд Ла лига, Эзэн хааны цом авч, 1960 онд Ла лига, Хот хоорондын цомыг авчээ.
1961 онд Европын цомын тэмцээнд Реал Мадрид клубын олон улсын түвшин дэх монополь байдлыг тасалсан клуб нь Барселон болов. Гэвч аваргалж чадалгүй, финалд Бенфикад ялагдсан байна. 1960-аад оны турш Мадридын Реал, Атлетико клубуудын давамгайлал Ла лигад оршин байв.
1957 онд өнөөгийн гайхамшигт цэнгэлдэх Камп Ноу баригдаж, нээлтээ хийсэн байна. Үүнтэй холбоотойгоор шинэ авъяаслаг тоглогчид худалдан авахад бага хэмжээний мөнгө зарцуулах болжээ.Үүнээс шалтгаалан 10 орчим жилийн турш Барса дөнгөж 2 цом хүртсэн байна.
1968 оны Генераллиссимусын цомын тоглолтын финалд Реал Мадридыг Бернабеу цэнгэлдэхэд нь 1-0 –ээр хожиж мартагдашгүй ялалт байгуулсан байна. 1974онд Барса өөрийн албан ёсны нэрээ өөрчилж, анх байсан Футбол клуб Барселон болгосон байна.
Дарангуйллын хүнд хэцүү он жилүүд аажмаар холдон одож, чухамдаа л зөв нь буруугаа, зөөлөн нь хатуу дийлэх хорвоогийн жам үйлчилсэн юм.
Круйффын анхны дамжуулалт: (1974-1978)
1973-1974 оны улиралд Барса шинэ домог Иохан Круйффийг багтаа оруулж чадлаа. Тэрээр Голландын Аякс клуб аль хэдийн гялалзаж эхлэхэд томоохон клубууд бүгд л сонирхож байв. Түүний төлөө Барса, Реал хоёр өрсөлдөж байсан боловч Круйфф эцсийн мөчид Барсаг Реалаас илүүд үзсэн байна. Учир нь тэрээр Дарангуйлагч Франкогийн багт тоглох хүсэлгүй байсан аж.
Түүгээр ч зогсохгүй өөрийн хүүдээ Хорди хэмээх каталан нэр хайрласан гэдэг. Түүний тусламжтайгаар Барселон баг 1960 оноос хойш аваагүй байсан Ла лигийн түрүүгээ авч чадсан юм. Мөн тэр жил заналт ривал Реал Мадридыг 0-5 харьцаатайгаар Бернабеуд нь бут ниргэсэн байна. Круйфф тэр жилдээ Европын оны шилдэг хөлбөмбөгчөөр тодорсон билээ.
Тогтворжилтын жилүүд: (1978-1988)
1978 онд Барселон клубын ерөнхийлөгчөөр Жозеф Луйс Нунез сонгогдов. Түүний мөрийн хөтөлбөрийн амин сүнс нь Барсаг дэлхийн хэмжээний спорт клуб болгох, санхүүгийн хувьд хүчирхэг, тогтвортой болгоход чиглэгдэж байв. Нунезийг засаглалын үед Барса 1979, 1982 онд Европын супер цом хүртсэн нь хамгийн том амжилт нь болжээ.
1982 оны 6 сард Бока Хуниорс багаас Аргентиний гайхамшигт супер од Диего Марадонаг тухайн үеийн рекорд ханшаар худалдан авчирлаа. Эхний улиралдаа Марадона болон Барса Эзэн хааны цомын финалд Реалыг хожиж мартагдашгүй ялалт байгуулсан байна. Гэвч Марадона Барсад төдий л удсангүй Италийн Наполи клуб руу явжээ. 1984-1985 оны улирал эхлэхэд Германы од Бернд Шустерийг багтаа элсүүлсэн байна. Дараа улирал нь Европын цомд амжилттай тоглож, финалд шалгарсан ч Стеуя Бухарест клубт пенальтигаар хожигдсон байна.
1986 оны дэлхийн аваргын дараа английн мэргэн бууч Гарри Линнекер болон хаалгач Андони Зубизареттаг багтаа элсүүлсэн ч тэр улирлыг амжилтгүй өнгөрүүлж, улмаар түлхүүр тоглогч Бернд Шустерийг багаасаа алдсан байна. Энэ амжилтгүй улирлын дараа багийн ерөнхий дасгалжуулагч Терри Вунаблесийг халж, Луйс Арагонесийг шинэ дасгалжуулагчаа болгосон байна. 1987-1988 оны улиралд Эзэн хааны цомыг хүртсэн ч Барселон багийн тоглогчид ерөнхийлөгч Нунезийг эсэргүүцэн огцруулсан гэдэг.
Мөрөөдлийн баг: мандан бадрал ба уналт: (1988-1996)
1988 оны зун багийн шинэ дасгалжуулагчаар домогт тоглогч Иохан Круйфф томилогдов. Чухам энэ л үеэс эхлэн Барселон багийн дасгалжуулагч болон тоглогчдыг дэлхий нийтээр Мөрөөдлийн баг гэж нэрлэх болсон байна. Хожим нь 1992 оны Барселоны зуны олимпод оролцсон АНУ-ын мэргэжлийн тамирчдаас бүрдсэн сагсан бөмбөгийн баг уг нэрийг зээлдэн авсан ажээ.
Мөрөөдлийн багийн бүрэлдэхүүнд Жозеф Гуардиола, Хосе Мари Бакеро, Чики Бегуйристайн, Жон Андони Гойкетксиа, Георг Хажи, Роналд Коеман, Мишель Лаудруп, Ромарио болон Христо Стойчков нар багтаж байсан ба дасгалжуулагч нь Иохан Круйф байлаа. Жинхэнэ супер бүрэлдэхүүн.
Круйффийн удиардлага дор 1991-1994 оны хооронд 4 жил дараалан Ла лигийн тэргүүн баг болж, 1989 оны УЕФА-ийн цомтой багуудын цом, 1992 оны Европын цомын аль алинд нь Италийн Сампдория клубыг хожиж түрүүлэв.
Тэд мөн 1992 оны Европын супер цом, 1990 оны Эзэн хааны цомыг хүртсэн байна. Круйфф Барсаг дасгалжуулж байхдаа нийт 11 цом авч клубын хамгийн амжилттай дасгалжуулагч болсон ч сүүлийн 2 улиралдаа ямар нэг цом авч чадаагүй явдал болон 1994 оны Аваргуудын лигийн тоглолтонд 4-0 –ээр АС Миланд хожигдсон нь түүнийг үүрэгт ажлаа өгөхөд хүргэсэн байна.
100 жилийн ой руу: (1996-2000)
1996 онд Круйффийн ажлыг Бооби Робсон хүлээн авлаа. Тэрээр ганцхан улирал Барселоныг дасгалжуулсан бөгөөд хожим нь нэгэн сонинд ярилцлага өгөхдөө “...Каталон бол улс, түүний арми нь Барса...” гэж дуу алдсан гэдэг. Робсон хэдийгээр нэг жил болсон ч өөрийн урьд нь дасгалжуулж байсан ПСВ Эйндховен клубээс шинээр гялалзан гарч ирсэн Роналдог Барселоны бүрэлдэхүүнд нэгтгэж чадснаар нэг улиралын дотор 3 цом авчирсан байна. Тэрээр анхны улиралаа амжилттай эхлүүлсэн боловч цааш дахин Барсаг удирдахыг хүссэнгүй.
Шинээр Луй Ван Гааль хэмээх дасгалжуулагч ирсэн ч, Роналдо яг л Марадона шиг Итали руу, Интер Милан руу явсан гэдэг. Хэдий Роналдо байхгүй ч Луйш Фигу, Жиованни Сильва де Оливейра, Луйс Энрике Мартинез болон Ривалдо гэсэн одод бүхий Барса 1998 онд Ла лига, Эзэн хааны цомыг хоёуланг нь авсан байна.
1999 онд Барселон клуб байгуулагдсны 100 жилийн ой тохиож уг ойгоор Ла лигийн түрүүг авсан бөгөөд гол тоглогч Ривалдо тус багаас Европын оны шилдэг тоглогч болсон 4 дэх тамирчин болжээ. Хэдийгээр Ла лигийг авсан ч Аваргуудын лигид Реал Мадрид клубт хожигдсон нь Ван Гаалийг ажлаа хүлээлгэн өгөхөөс өөр аргагүйд хүргэж, 2000 онд гэрээ нь цуцлагдсан байна.
Гаспарын уналтын жилүүд: (2000-2003)
Клубын ерөнхийлөгч Нунез, дасгалжуулагч Луйс Ван Гаал нарыг удирдлагаас зайлуулж, шинэ ерөнхийлөгч Гаспарыг томилсон гол шалтгаан нь Барселон багийн дэд ахмад Луйш Фигугийн үйлдэлтэй холбогддог. Тухайн үеийн Барсагийн дэд ахмад, Португалийн шигшээгийн супер тоглогч Луйш Фигуг Барселон багийн фенүүд маш их хайрладаг байсан бөгөөд түүнийг бусад тоглогчдоос онцгойлон каталанчуудын баатар мэтээр төсөөлдөг байжээ.
Фигу багийн фенүүдийнхээ энэ их хайр хүндэтгэлийг юман чинээнд бодолгүй шалбаагт шидэн, заналт ривал Реал Мадрид багтай нууцаар гэрээлснээр багийн удирдлага, фенүүдэд хүнд цохилт болсон юм. Нэгэн өглөө сэрэхэд л бүх юм аль хэдийнээ шийдэгдчихсэн, Фигу Реалд оччихсон байв. Энэ явдал ёстой л үүлгүй тэнгэрээс аянга ниргэх лугаа цочоосон гэдэг. Үүнээс хойш Фигуг Камп Ноу цэнгэлдэхэд тоглох бүрт багийн хорссон фенүүд дургүйцэн элдвээр хэлж, гахайн толгойгоор дүрслэн доромжлодог болсон билээ.
2000-2003 оны хооронд Барса Ван Гаал тэргүүтэй хэд хэдэн шинэ дасгалжуулагчийн нүүрийг үзсэн ч амжилтийг эс олж, улам доройтсоор байлаа.
Өнөө үе : (2003-яг одоо)
Гаспар ерөнхийлөгчийн бүтэлгүй 3 жилийн дараа шинэ залуу ерөнхийлөгч Жоан Лапорта Барсаг удирдах болов. Тэрээр ерөнхийлөгч болмогцоо Голландын болон АС Миланы од, залуухан Франк Райкаардыг шинэ дасгалжуулагчаараа сонгосноор баг дахин сэргэж ирлээ. Райкаард дасгалжуулагч болмогцоо багийг шинэчилж, шинэ залуу оддыг цуглуулж эхэлсэн байна. Рональдино, Деку, Лионель Месси, Людовик Жюли, Самуэль Этүү, Рафаэль Маркес нарыг шинээр багтаа элсүүлж, үндсэн багийн Карлес Пуёоль, Андрес Иниеста, Чави Эрнандес болон Виктор Валдес нартай хослуулан гайхалтай багийг бүрдлүүлсэн байна. Энэ нь ч тэр дороо үр дүнгээ өгч эхлэв.
2004-2005 оны улиралд Барса Ла лигад түрүүлж, Багийн түлхүүр тоглогчид Роналдиньо, Этүү нар тухайн оны ФИФА-ийн дэлхийн шилдэг хөлбөгчдийн тэргүүн болон гуравдугаар байрыг эзэлсэн байна. Мөн Реал Бетис багийг Испанийн супер цомын тэмцээний финалд хожин түрүүлж, Аваргуудын лигийн хасагдах шатны тоглолтод Лондоны Челси багт нийлбэрээрээ 5-4-өөр хожигдсон байна.
2005-2006 оны улиралд Барселон улам гялалзав. 2005 оны 11 сард Мадрид дахь Сантьяго Бернабеу цэнгэлдэхэд Реал Мадрид багийг 0-3 –ын харьцаагаар буулгаж авчээ. Райкард энэ тоглолтод ялснаараа Реалыг талбай дээр нь 2 удаа ялсан Барсагийн анхны дасгалжуулагч болсон юм. Энэхүү тоглолтын үеэр Барсагийн туслах довтлогч Роналдиньо 3 дахь гоалыг хийхэд Мадридын хөгжөөн дэмжигчид анх удаа Барселон багт баяр хүргэн алга ташсан гэдэг.
Энэ улиралд Барса Ла лигад хялбархан түрүүлж, цомын тоглолтын финалд дерби баг Эспаньолийг буулган авсан байна. Мөн энэ улиралд УЕФА-ын Аваргуудын лигийн финалд Лондонгийн Арсенал клубтэй шалгаран үлдэж, 2-1 –ийн харьцаатай хожсноор 14 жилийн дараа Аваргуудын лигийн цомыг дахин хүртсэн байна.
Үүний дараа 2006 оны ФИФА-ын клубын дэлхийн аваргад оролцож, финалын тоглолтод 1-0 харьцаатайгаар хожигдсон байна. 2006-2007 оны улирлын өмнөх АНУ-д хийсэн аялан тоглолтын үеэр багийн түлхүүр тоглогчид болох Этүү, Месси нар гэмтсэн нь улирлын төглөлтөд нөлөөлж, улмаар Ла лигийн 2-р байрыг эзлэх болсон байна. 2007 оны 9 сарын 27-нд Испанийн хөлбөмбөгийн холбоонд 1937-1938 оны Ла лигийн аварга гэсэн цолыг буцаан сэргээж өгөхийг хүсч Барселон клуб гомдол мэдүүлсэн байна.
2007-2008 оны улиралд Барселон клуб Ла лигид 3-р байр эзэлж, Аваргуудын лиги, Эзэн хааны цомын хагас шигшээд ялагдан, дасгалжуулагч Франк Райкаард багийг орхив.
Барсаг домогт тоглогч Жозеф Гуардиола удирдах болж Замбротта, Деку, Дос Сантос, Роналдиньо нарыг үдэн, Кейта, Пике, Касерес, Алвес болох Глебийг авчран шинэ улирлыг эхлүүлжээ.
2008-2009 оны улирлын эхний хагасыг 16 хожил, 2 тэнцээ, 1 хожигдолтойгоор үдэж, нийт 50 оноо цуглуулсан нь шинэ рекорд болж байна.
Улмаар тус улиралд Европын аваргуудын лигийн аварга, Ла лигийн аварга, Эзэн хааны цомыг нэгэн зэрэг хүртэж, бахархам амжилт гаргасан байна.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
sugasuga uga sugasuga suga suga